Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдох бөгөөд одоо ашиглалтад байгаа эх үүсвэрүүдийн боломжит чадал 1101 бөгөөд төслийн эхний блок 150МВт-аар ашиглалтад ороход ТБНС-ний эрчим хүчний чадлыг 13.6%, 300МВт-аар ашиглалтад ороход 27.2%-иар нэмэгдүүлнэ.
Эргэлтэт буцламтгай үет /CFB/ зуухтай цахилгаан станц юм.
Бөөрөлжүүтийн ЦС-ын эхний блок 150МВт-ын хүчин чадлаар ашиглалтанд орсноор жилд чадлын тарифийг 70 тэрбум төгрөг хүртэл хэмнэх боломжтой. Бөөрөлжүүтийн ЦС-ын 2 блок 300МВт-ын хүчин чадлаар ашиглалтанд орсноор өсөн нэмэгдэж буй ЦЭХ-ний хэрэглээг хангаж, импортын ЦЭХ-ний хэмжээг бууруулна. Улаанбаатар хотын дагуул хот Шинэ Зуун мод, Майдар хотуудын өсөн нэмэгдэх хэрэглээг Сэргэлэн дэд станцтай Бөөрөлжүүтийн ЦС-тай шууд холбогдсоноор чанартай, найдвартай, шугамын алдагдал багатай цахилгаан эрчим хүчээр хангаж, УБ хотыг тойрсон 220 кВ-ын тойрог сүлжээ үүсч ТБНС-ний тогтворжилт дээшилнэ.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Байгаль орчинд ээлтэй хорт утааны хаягдал болон усны хэрэглээ хамгийн бага байх Монгол улсад анхдагч дэвшилтэт технологитой бөгөөд цаашдын эдийн засгийн хөгжлийг хурдасгах төдийгүй хотын агаар, хөрс, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой төсөл юм. Цахилгаан станц ашиглалтад орсноор 600 гаруй байнгын ажлын байр нэмэгдэж шинэ суурьшлын бүс үүсэх боломж бий болно.
Цэцэнс Майнинг энд Энержи ХХК нь Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтаас гадна түүнд холбогдох төмөр зам, хатуу хучилттай авто замыг ойрын хугацаанд барьж байгуулна. Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төслийн бүтээн байгуулалтыг түшиглэн нүүрсийг боловсруулан сайжруулсан түлш, хагас кокс, Нүүрс хийжүүлэх болон шингэрүүлэх үйлдвэр, Устөрөгч гарган авах боломжид тулгуурлан ирээдүйд нүүрс химийн аж үйлдвэрийн томоохон цогцолбор байгуулагдах боломжтой болно.